
Манай гэр бүлийнхэн зуны амралтаараа болж өгвөл эх орноороо аялахыг хичээдэг. Эх орноороо аялах бидний зорилго нь үр хүүхдэдээ дараах хандлага, боловсрол олгоход чиглэдэг:
• Эх орныхоо түүх, соёлыг мэдэх, бахархах
• Байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах
• Хамт олон дунд нийцэж, хамтрах, хүндлэх ёсонд суралцах
• Аялах явцдаа өөртөө тохирсон зүйл хийх, амьдралд суралцах, өөрийгөө танин мэдэх
• Гантай, зудтай … ямар ч нөхцөл таарлаа гэхэд миний эх орон шүү гэж дотогшоо өмөлзөх, гадагшаа омогших сэтгэлтэй, эх орон байгал дэлхийгээ хайрладаг, бахархдаг иргэн болох
• Амьдралд таарах гуниг, бэрхшээлтэй тулгарахад давах нэгэн хүч болдог аз жаргалтай дурсамжуудыг (хүний амьдрал бол дурсамжуудын хэлхээс) хамтдаа бүтээх гэх мэт…
Сүүлийн хоёр жил “Тэнгэр Язгуур Тур” аялалын компанийн зохион байгуулсан “Архангай- Хөвсгөл-Булган” маршрутаар долоо хоногийн, “Баруун аймгуудыг тойрох” 15 хоногийн аялалуудад хамрагдан, сайхан аялсан.
Оюуны алжаал ядаргаагаа тайлсан, эх орныхоо тансаг сайхныг биширч, нүд сэтгэлээ баясгасан, аялалын найзуудтай, шинэ эрч хүчээр цэнэглэгдсэн тансаг аялалууд болдог доо. Манай хүүгийн хувьд лав хамгийн сонирхолтой хэсэг нь шороон замаар донслуулаад явах (зарим хэсэгт ийм замаар явдаг), ах эгч нартай танилцаад найзууд болох, дуртай газраа майхнаа бариад цонхоор байгаль дэлхий, одот тэнгэрийг ажиглах (яг л уран зураг шиг байна гэсэн), голын урсгалд бүүвэйлэгдэн нойрсох, тансаг сайхан эх орныхоо үзэсгэлэнт байгалийг мэдрэх, харж бишрэх, галын наадам хийх, шорлог хийх гэсэн, кк. Аа нээрээ, Алтай Таван Богдын аялалын хувьд морин аялал бүр хамгийн сонирхолтой хэсэг нь гэсэн. Ээж нь л санаа зовж байснаас биш, хүү маань анхны морин аялалаа 30 км замыг дажгүй туулчихсан, догь эр болсон байна лээ. Аялалын хамгийн чухал хэсэг нь зам, газраа мэддэг, тохьтой жолооч бөгөөд дээрх хоёр аялалын хувьд үнэхээр туршлагатай ах нар бас давхар хөтөч хийгээд л, дуулаад л, аялалыг илүү сонирхолтой болгож байлаа .
“Тэнгэр Язгуур Тур аялалын компаний дүү нартаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа”

Аялалын тэмдэглэл Би хүүхэд байхаасаа авхуулаад аялахыг маш их хүсдэг байлаа. Гадаад улс орнуудаар биш юмаа гэхэд ядаж Монгол орноороо аялах юмсан гэж их хүсдэг байв. Гэвч манай гэрийнхэн зун ч бай өвөл ч бай хаашаач аялдаггүй үсрээл туул голын эрэг орно. Ингээд би гэдэг хүн Улаанбаатараас нэг ч гарч үзэлгүй 20 нас хүрлээ. Би яг тэр үед зза гэрийнхэнийгээ болон найзуудаа харах юм бол хэзээ ч бүтэхгүй юм байна гэдгийг ойлгоод ганцаараа ч хамаагүй энэ зун заавал Улаанбаатараас гарч үзнэ гэж шийдсэн. 2020 оны тэр зун тэнгэр язгуур тур компаний постыг олж уншссан. Архангай болон хөвсгөл аймгуудыг үзэх 7 өдрийн аялал. Энэ аялал үзэх юм маш ихтэй мөртлөө үнэ нь ч маш боломжийн байв. Тэр зун амралтаараа цагийн ажил хийж байсан болохоор эхний цалингаараа л шууд явж болохоор байв. Хэдий тэр үед аав ээж гэр бүлийнхэн эмэгтэй хүүхэд байж яаж баахан танихгүй хүмүүстэй хамт явах гээд байгаа юм, тэр хүмүүс чинь ууж идэж наргиж цэнгэх гэж л явж байгаа гээд маш их эсэргүүцэж би өөрөө ч бас нилээн санаа зовж байсан ч зөрүүдэлсээр байгаад явахаар болов. Тэгтэл миний төсөөлснөөс шал өөр байв. Яг надтай адилхан ганцаараа явж байгаа охидууд нилээд хэд байсан. Бусад хүмүүс ч бас ихэнх нь ганцаараа явж байгаа хүмүүс байлаа. Ямартай ч тэр аялалд надтай цуг явсан бүх хүмүүс маш мундаг гоё хүмүүс байсан. Би бүр нэг цаг нэг минут ч уйдаж ганцаардаагүй. Одоо энэ тэмдэглэлийг бичиж суухад тэр үед авч байсан мэдрэмж төрөөд бүр догдлоод байна. Аялал бүр зүгээр л гайхалтай байсан. Миний насаараа мөрөөдсөн мөрөөдөл маань миний төсөөлснөөс 1000 дахин илүү байв. Та ч бас танихгүй хүмүүстэй цуг холын аялалд ганцаараа яваад үзээрэй өөрийгөө илүү их таньж мэдэх болно. Бас өөр хүний удирдан зохиож байгаа аялалд явах маш сайхан мэдрэмж төрүүлдэг юунд ч санаа зовохгүй өнөөдөр яах билээ маргааш яах билээ хаана буух билээ хоолоо яах билээ машин тэрэг бензин майхан гээд юунд ч санаа зовохгүй жинхэнэ утгаараа чилл. /мэдээж guide нартаа тусланалдаа/ . Бүх зүйл гоё өглөө болгон өөр өөр гоё гоё газар сэрэх гоё, хээрийн чанасан цайтай өглөөний цай уух гоё, пургондоо суугаад хөгжилтөй тоглоом тоглох гоё, пургондоо сэгсрэгдэхч гоё, гоё гоё газрууд харж нүдээ баярлуулах гоё, хээрийн цуйван хорхог хийж ходоодоо баярлуулах гоё, орой бүгд түүдэг галаа тойроод юм ярин сууж дуулж хуурдах хамгийн гоё . Их хотын стрестэй амьдралаас тасарсан тэр 7хон хоног надад бүтэн жилийн эрч хүчийг өгсөн.Тэр жил ч үнэхээр үр бүтээлтэй жил болж өнгөрсөн. Шийдэж чадахгүй байсан, толгой өвтгөсөн асуудлууд хүртэл зүгээр энгийн зүйл байсныг ойлгоод аялалаас хүрч ирээл маш хурдан шийдчихсэн. Аялал бол амьдарлаас авч болох хамгийн төгс мэдрэмж гэдгийг тэр үед ойлгосон. Тэгвэл яагаад тэнгэр язгуур турыг сонгох ёстой вэ гэвэл маш гоё хоол хийдэг, үнэ нь хамгийн боломжийн, та хэдэн ч насны хүн бай маш гоё Vibe үүснэ. Хамгийн гол нь таньд зөвхөн аз жаргалтай дурсамж л үлдэнэ.

Монгол орны баруун хязгаар монгол орны дээвэр хэмээгддэг Алтай Таван Богдын аяллын тэмдэглэл Бидийн 14 нөхөд “Тэнгэр язгуур тур” компаний аяллыг сонгон “Алтай таван богд”-ыг зорьцгоосон билээ. Энэ зуны аялалдаа олон танил нөхөдтэй болж байгалийн сайханд амрах санаа өвөрлөн гэрээс зориглон гарсан минь энэ. Замаараа олон сайхан газар үзэж хөгжилдөж байсан билээ. Өдөр тутмын амин болон албаны ажлаасаа өндийлгүй олон жил явснаа ухааран өөрийнхөө хэмжээнд зориг гаргасан минь оносон байлаа. Бидний аялал 14 хоног үргэлжилсэн ба баруун таван аймгийн хамгийн үзэсгэлэнтэй сүр жавхлантай сонин содон тогтоцтой газруудыг богино хугацаанд маш сонирхолтойгоор үзээд амьдралынхаа нэг зуныг хэзээ ч мартагдахааргүй сайхан өнгөрүүлсэн минь надад ихийг бодогдуулж ихийг сургасан, ихийг ухааруулсан аялал байлаа. Бид хамтдаа дуулж, бүжиглэж, жаргалтай цагуудыг өнгөрөөж, хамтдаа дурсамж бүтээж хагас сарыг өнгөрүүлсээн.. Улаанбаатараас гараад Хар хорин Элсэн тасархай, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Тэлмэн нуур, Хяргас нуур, Хэцүү хад, Увс нуур, Үүрэг нуур ороод бидний хамгийн гол зорьсон газар болох Баян-Өлгий аймгийн нутагт байх Алтай таван богд, Сүүн гол, Хотон нуур, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ үзэхээр очицгоолоо. Анх удаа очсон тул бүх зүйл шинэхэн соньхон бас сүрдмээр байлаа. Ийнхүү бид Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших сүр хүчит Малчин оргилд зоригтойгоор гарцгаасан бөгөөд эхэндээ эгц цавчим уулсыг хараад бахархах сэтгэл төрсөн хэдий ч далдхан сүрдэж байсан ба нөхдийнхөө хамтаар уулын оргилд гарч чадсандаа өөртөө ч итгээгүй шүү. Азаар цаг агаар сайхан байсан. Цаг агаар муу сэтгэл зүйгээ сайн бэлдээгүй бол уулын оргилд гарах байтугай хормойноос нь буцдаг гэх юм билээ. Бидний нөхдөд тийм зүйл тохиолдоогүйг зам нийлсэн, санаа нийлсэн, алхаа нийлсэн тул ийнхүү оргилд гарах хувьтай байжээ хэмээн бэлгэшээсэн дээ. Хэзээний уулаа шүтдэг монгол зангаараа бид түүнийг шүтэж, хүсэл бүхнээ шивнэж, ахуй амьдралаа даатган, сэтгэлээ цэлмээгээд бууцгаасан билээ. Миний хувьд хамгийн гайхалтай нь халуун зунаар цас үзэх үнэхээр санаанд багтамгүй байлаа. Өгсөхдөө бид мэдээж ядарч байсан хэдий ч буцахдаа хүн бүр дуу шуу инээд хөөр болцгоон амьдралынхаа дурсамжид өнгө нэмснээ ярьцгаан хэцүү бэрхийг ажралгүй бууцгаасан билээ. Малчин оргилын нэг тал нь бараан нөгөө тал нь цагаан. Энэ нь надад амьдралын өнгийг санагдуулж байсан төдийгүй ухаандаа ухаан нэмэхэд хүч нэмсэн сэн. Энэ уул амьдралдаа алхсан хамгийн өндөр уул байсан ба ямар ч зүйлд зорих аваас хүрч болдгийг ухааруулсан сайхан аялал байлаа. Ийм сайхан сүрлэг дэргэдээ байгаа жаргалаа мэдрээгүй явснаа бодохоор үнэхээр алдсан цаг хугацаандаа харамссан билээ. Байгалийн сүр хүч давтагдашгүй үзэсгэлэн төгөлдөр тогтоц байгааг нүдээр үзэж чихээр сонсоход үнэхээр үгээр илэрхийлэхэд бэрх байлаа. Тэнд бүх өнгө будаг бий. Тэнд бүх чимээ анир бий. Тэнд бүх зүйл бий. Тэнд бас бидний хамтдаа бүтээсэн дурсамж бий. Цаст алтайн уулс, түүний цаана бас уул, түүний цаана бас л уул. Тэдгээрийг харан зогсоход амьдрал бол уул юм удаан авирч түргэн урууддаг хэмээх үг санаанд бууж билээ. Бидний аялал хугацаатай тул хоргодон хоргодон алтайн уулсаасаа холдсон ба дараа дахин очиж дахин өөр мэдрэмжийг авч дахин энергиэ сэлбэнэ ээ. Дахин дахин баяртайгаар уулзана аа сүрлэг сайхан хангай минь. Мэдээж бид замд олон адал явдлыг хамтдаа бүтээсэн шүү. Бидний пургонтой, морьтой, явган, инээдтэй, хөгжилтэй, ухааралтай, олон найз нөхөдтэй болсон аялал ийнхүү өндөрлөхөд харамсалтай байсан нь мэдээж. Ийм сайхан эх орноороо бахархах сэтгэл төрж дахин дахин ирэхийн ерөөл өргөн буцсаан. Би өөртөө ногдсон уулынхаа оргилд гарахаар өдөр бүр хичээнэ. Алтай уулс та надад асар их хүчийг өглөө. Хамтдаа дурсамжийг бүтээлцсэн та нартаа маш их баярлалаа. Дараа дахин хамт явахад үргэлж баяртай байх болно оо.